Бүгд Найрамдах Филиппин улс нь 300,000 хавтгай дөрвөлжин газар нутагтай Зүүн Өмнөд Азид оршдог арлын орон. Номхон далайн баруун хэсэгт оршдог нийт 7,640 арал тус улсын эзэмшилд байдаг бөгөөд тэд Лусон, Визая, Минданао гэх гурван үндсэн бүлэг арлуудад хуваарилагддаг.
Филиппин улс далайн хилээ Хятадын Тайвань (хойд), Япон (зүүн хойд), Палау (зүүн, зүүн урд), Индонез (урд), Малайз (баруун урд), Вьетнам (баруун), Хятад (баруун хойно) гэх улсуудтай тус тус хуваалцдаг. Тус улсын нийслэл нь Манила бол хамгийн том хот нь Кесон юм байна.
Филиппин улсын нийт хүн амын тоо нь 109 сая бөгөөд тэдний олонх буюу 90 хувь нь христийн шашинтай бол 6 хувь нь исламын шашинтай. Уг улсын арал бүр нь өөр өөрсдийн үндэс угсаа, соёл иргэншилтэй хүмүүсийн эх нутаг тул Филиппин улсад маш олон өөр төрлийн үндэстнүүд амьдардаг.
Испанийн флотыг удирдаж байсан Португалийн эрэл хайгуулч, далайчин Фердинанд Магеллан одоогийн Филиппин улсын газар нутаг дээр хөл тавьсан анхны Европ хүн болсон. Улмаар 1543 онд Испанийн аялагч, далайчин Руй Лопез де Виллалобос тус арлуудыг Филипп II-ын хүндэтгэлд зориулж Филиппиний Лас арлууд гэж нэрлэсэн.
Филиппин улсын албан ёсны хэлнүүд нь филиппин болон англи хэл. Ихэнх хүн ам нь англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд Филиппин улс англи хэлээр ярьдаг иргэдийнхээ тоогоор дэлхийд гуравдугаар байранд жагсдаг. Мөн маш олон филиппинчүүд дэлхийн өнцөг булан бүрт англи хэл заадаг.
Филиппин улсын төрийн далбаа шар, цэнхэр, улаан, цагаан өнгөнүүдээс бүрддэг. Цагаан өнгийн зөв гурвалжин нь эрх чөлөө, эрх тэгш байдал болон анд нөхдийг, хэвтээ цэнхэр судал нь амар амгалан, чин үнэн болон шударга ёс, хэвтээ улаан судал нь эх оронч үзэл болон эр зоригийг, гурван ширхэг шар өнгийн однууд нь Филиппиний үндсэн гурван их арлуудыг тус тус бэлгэддэг.
Филиппинчүүдийн бичиг үсэг тайлагдсан хувь нь 2019 оны байдлаар 96.3 хувь байсан. Бүх Филиппин хүүхдүүд бага сургуульд зургаан жил дунд сургуульд дөрвөн жил сурах үүрэгтэй. Ийнхүү арван жилийн турш сургуульд сурсан хүүхдүүд ахлах ангид элсэн орж цаашид хоёр жил сурах эсэх нь тэдний өөрсдийнх нь шийдвэр. Мөн их дээд сургуульд элсэн суралцдаг сурагчдын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг.
Филиппин улсын иргэд христийн, исламын, мөн Хятадын уламжлалт баяруудыг жил бүр тогтмол тэмдэглэдэг. Тэдний дундаас алдартай баяруудыг онцгойлон дурдвал Эр зоригийн өдөр, Тусгаар тогтнолын өдөр (зургадугаар сарын 12), Үндэсний баатруудын өдөр (наймдугаар сарын 30) гэх мэт.
Филиппин улсад хамгийн алдартай спорт бол сагсан бөмбөг. Филиппин улсын сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ баг нь ДАШТ-д нийт зургаан удаа оролцож 1954 онд хүрэл медаль хүртсэн. Мөн NBA-гийн Юта Жаз багийн тоглогч Жордан Кларксон Филиппин улсын иргэн билээ.
Филиппинчүүд интернет орчин маш идэвхтэй. Тэд өдөрт дунджаар 450 сая цахим зурвасыг бие бие рүүгээ илгээдэг бөгөөд энэхүү тоо нь АНУ болон Европын орнуудын нийт иргэдийн өдөрт илгээдэг зурвасуудыг нийлүүлснээс өндөр байгаа юм. Ийм учраас Филиппин улсыг цахим зурвасын нийслэл гэж хочилдог.
Филиппинчүүд бол маш сайн дуучид. Тэд эхийн хэвлийгээс гарсан цагаасаа хойш гайхалтай дуучид болохоор заяагдсан байдаг. Гэхдээ тэд энэ талаараа маш даруухан ханддаг. Та Филиппин хүнтэй хамт караоке орох юм бол энэ баримт үнэн гэдгийг ухаарах болно. Мөн дэлхийн хамгийн анхны караоке Филиппин улсад бүтээгдсэн.
© 2024 он. Khaitan Arvijikh LLC. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency